- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.
x

Өнөөдрөөс иргэн бүрийн САХИЛГА, ХАРИУЦЛАГА эхэллээ

Өнөөдрөөс иргэн бүрийн САХИЛГА, ХАРИУЦЛАГА эхэллээ

 
Коронавирус цар тахлын улмаас нийслэл Улаанбаатар хотод тогтоосон 12 хоногийн хөл хорио өнөө өглөөний 06.00 цагт дуусгавар боллоо.
 
Энэ хугацаанд  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд халдварын 102 тохиолдлыг олж илрүүлсэн. Ингэснээр манай улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2178 болсон бол нийт батлагдсан тохиолдол 2693 болжээ. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1933 бий.Мөн өчигдөр БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар  150 мянган тун "АстраЗенека",  БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм” вакциныг тус тус хүлээн авлаа. Иймд өнөөдрөөс вакцинжуулалт эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "АстраЗенека" вакцины эхний тунг тариулснаар вакцинжуулалт албан ёсоор эхэлнэ. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар вакцинжуулалтад эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулах юм.
 
Өнөөдрөөс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь энгийн горимоор ажиллана. Харин уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын газар гэсэн таван чиглэлийн үйлчилгээг хязгаарлаж байгаа
 
Иймд хэвийн горимоор ажиллах аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардлагыг Улсын онцгой комисс, Засгийн газраас тавьж байгаа.
 
Ийнхүү нийслэлчүүдийн ажил, амьдрал хэвийн горимд шилжсэнээр цар тахлын халдвараас өөрсдийгөө хамгаалах иргэний үүрэг, аж ахуйн нэгжүүдийн хариуцлага өөрсдөд нь ирлээ. Өндөржүүлэн бэлэн байдлын зэрэглэлийн хугацаанд цар тахлын голомтыг тогтоож, халдварыг хумьж чадсан гэж Засгийн газар үзэж байгаа. Харин одоо нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Үүнтэй зэрэгцээд халдвар тархахаас хаа хаана аа сэргийлж, үндсэн дүрмээ ягштал мөрдөхийг иргэд ухамсарлах цаг болоод байна. Төр, засгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс гадна хувь хүний сахилга хариуцлага өөрсдийгөө халдвараас хамгаалахад нэн тэргүүнд тавигдана. 
 
Иймд хувийн ариун цэврийг чанад сахиж, гараа ариутгаж, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа баримталж иргэн бүр хариуцлагатай байх цаг иржээ. Өөрөөр хэлбэл коронавирус цар тахалтай зохицож амьдрахаас өөр сонголтгүй. Хэрэв иргэн бүр хариуцлагатай ухамсартай байхгүй бол хүн амаа вакцинжуулах хэдий ч эргээд гэрийн хорионд, эдийн засгийн гүн хямралд орох магадлалтай. Тиймээс бид айдсаа авдартаа хийгээгүйг дахин санаж нийтийн эрх ашгийн төлөө иргэн хариуцлагатай байх цаг ирсэн гэдгийг сануулъя.
Г.Мичид.
Эх сурвалж:http://www.shuud.mn/a/527146