x

Шүүгчид хүндэтгэл үзүүллээ.

Шүүгчид хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх тус шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад “гавьяаны” амралтаа авч буйг тохиолдуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хүндэтгэл үзүүлэн, халуун дулаан яриа өрнүүлэв.


Шүүгч Д.Гансүх: Нийслэлийн шүүх гэдэг нэг овогтой их айлд нэг хамт олон болж бүтэн 4 жил та бүхнийхээ их ивээл дор жаргал зовлонгоо хуваалцаж, хамтран сайхан ажилласан. Олон жил шүүгч хийн гавьяаны амралтандаа гарч буй надад хүндэтгэл үзүүлж хүлээн авч байгаа эрхэм шүүгч, дүү нартаа баярлалаа. Та нараараа бахархаж, баярлаж явдаг шүү. Манай Нийслэлийн шүүх бол төрийн олон сайхан оюунлаг хуульчдын өлгий болсон шүүх юм. Нөгөөтэйгүүр, Нийслэлийн шүүх маань анхан шатны шүүхийн шийдвэрт хууль ёсны үнэлэлт, дүгнэлт өгдөг онцлогтой маш хариуцлагатай алба байдаг. Энэ албыг та бүхэнтэй мөр зэрэгцэн гүйцэтгэсэн хувьтай хүн гэж өөрийгөө үзэж байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг: “Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ой тохиох үеэр Д.Гансүх шүүгч Монгол Улсын гавьяат хуульч болж биднийгээ баярлуулсан, Д.Гансүх шүүгчийн нээлттэй зан чанар шударга байдлын илэрхийлэл шиг санагдлаа. Хүнтэй нээлттэй хүнлэг харьцдаг, хүнтэй нийцтэй, бүх зүйлийг өөдрөгөөр хардаг энэ хүнээс сурах юм их байлаа. 60 нас хүрч шүүгчийн ажлаас чөлөөлөгдөж байгаа боловч цаашид оюун сэтгэмж энэ их хүслээ ашиглаж бүтээл туурвил гаргах, ажил амьдралын туршлагаа бусдад түгээх, хүртээл болгох, олон түмнийг гэгээрүүлэх үйлсэд өөрийгөө дайчлах боломж улам нээгдлээ гэж бид харж байгаа. Иймд танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж хэлээд Д.Гансүх шүүгчид дурсгалын зүйл гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Шүүгч Ц.Ичинхорлоо: Монгол Улсын гавьяат хуульч бидний эрхэм анд гавьяаныхаа амралтад гарч байгаа. Д.Гансүх шүүгч маань хүнийг маш сайн ойлгодог, сэтгэлийн уянгатай, нээлттэй, мундаг хуульч хүн. Бидний дунд олон сайхан дурсамж бий. Д.Гансүх шүүгч маань богинохон хугацаанд ч гэсэн бидэнтэй хамт ажиллаж, нэгэн дээвэр дор амьдарч, зовлон жаргалаа хуваалцаж явсанд бид маш их баярлаж байна. Хүн ерөөлтэйдөө уулзаж, ус ёроолтойдоо тогтдог гэдэг сайхан үг байдаг. Бид багахан хугацаанд хамт ажиллаж байсан маань их хувь заяа юм аа. Бидэнтэй хамт ажиллаж байсан тандаа маш их баярлалаа. Бидний уулзалт маш сайхан халуун дулаан болж байна. Цаашдынх нь ажил үйлс, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.

 

 

 

Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?