x

Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн баярын хуралд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор (LL.D.) Ж.Оюунтунгалагийн тавьсан илтгэл

Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн баярын хуралд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор (LL.D.) Ж.Оюунтунгалагийн тавьсан илтгэл


       Та бүхэнд Нийслэл хот Улаанбаатарт бие даасан шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн үе үеийн ахмад шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, шударга ёсыг сахин хамгаалах ариун үйлсэд хамтран зүтгэж буй хуулийн байгууллагын ажилтнууд, бидний ажил үйлсийг ойлгон дэмжиж ирсэн энэ танхимд цугларсан хатагтай ноёддоо  ойн баярын мэнд дэвшүүлье.
       Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг төвлөрөн суурьшсан, эдийн засаг, нийгэм, соёлын  хөгжлийн тулгуур болсон хотод амжилт бүтээл,  өсөлт дэвшилт арвин их байхын сацуу алдаа дутагдал, зөрчил, хэрэг маргаан, түүнийг дагасан гомдол, найдвар улам бүр өссөөр байна. Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль ёсыг сахиулах, буруу зөвийг ялган дэнсэлж нийгэмд тэгш байдал, шударга ёсыг сэргээн тогтоох  чиг үүргээ шүүх хэрхэн биелүүлж байгаа нь тухайн нийгмийн хөгжил дэвшил, хүн зоны амар амгалан, итгэлтэй амьдралд шууд нөлөөтэй болохыг дэлхий нийтийн өнгөрсөн үеийн түүх гэрчилж, хүн төрөлхтөн нэгэнт хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.
Энэхүү олон түмний итгэл сэтгэлийн хүнд ачааг унагалгүй тээх эрхэм үүргийг нийслэлийн шүүхийн үе үеийн шүүгч, ажилтнууд нэр төртэйгээр дааж ирсний дүнд улсын хэмжээний давж заалдах шатны шүүн таслах ажиллагааны ихэнх хэсгийг нугалдаг, эрүү, иргэний хэргээр дагнан мэргэшсэн 2 шүүх болон хөгжиж байна.
Одоогийн энэ түүхт цаг мөч хүртэл туулж ирсэн зам дардан байгаагүй боловч, нийслэл хотын хэмжээнд шүүн таслах ажлыг хэвийн явуулах, тухайн цаг үеийн нийгмийн шаардлагад нийцүүлэн шүүхийн боловсон хүчин, зохион байгуулалтыг бэхжүүлэх зэргээр эрх зүйн болон шүүхийн шинэтгэлийг бодит амьдралд хэрэгжүүлэх зэрэг олон ажилд Нийслэлийн шүүхийн оролцоо, манлайлал багагүй байсныг 90 жилийн түүхэн замнал гэрчилнэ.
       Өнгөрсөн түүхээ эргэн сөхөж алдаа оноогоо хөндлөнгөөс харж, хичээл сургамж авах замаар өнгөрсөн, одоог харьцуулан жиших нь уламжлал, шинэчлэлийг хослуулах, ирээдүйгээ харж, зорилгоо тодорхойлоход чухал ач холбогдолтой билээ.
Шүүхийн үндсэн үйл ажиллагаа болох хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмд тэгш, шударга ёсыг тогтоох явдлыг өргөн утгаар нь авч үзвэл хүн төрөлхтний нийгэмшин амьдарч эхэлсэн үетэй нягт холбоотой гэдэг утгаараа төр улсын тогтолцоонд шилжихээс ч өмнөх хүний нийгмийн харилцаанд байсан зүйл хэмээн үздэг. Харин эрх зүйт ёсны үүднээс авч үзвэл шүүх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхийн тулд төрөөс иргэдийнхээ өмнө хүлээсэн үндсэн чиг үүргийн нэг гэсэн агуулгаар тайлбарлагддаг.
       Иймд шүүхийн түүхийг хүний нийгмийн өөрчлөлт болон төрийн үйл ажиллагааны суурь зарчмуудаас тусад нь авч ярих боломжгүй юм.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон анхдугаар Үндсэн хууль 1924 онд батлагдан гарч орчин цагийн төр, эрх зүйн тогтолцоо бүрэлдэх тулгын чулуу тавигджээ.
       Шүүх, түүний дотор Нийслэл хотод шүүх байгуулах үндэслэл, шалтгаан нь тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн хүчин зүйлстэй холбоотой байх боловч ардын хувьсгалын өмнө тогтсон хүнлэг бус, харгис, тэгш бус залхаан цээрлүүлэх тогтолцоог халах нь шүүхийн байгууллагын нэг гол зорилт байсан гэж үзэхээр байна. БНМАУ-ын Засгийн газрын 1926 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын шүүн таслах газрыг хотын захиргааны орон тоонд багтаан 1927 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, шүүхийн дарга, байцаагч түшмэл, нарийн бичгийн дарга, хэлмэрч, бичээч, Их гяндан салааны харуулууд, хуяг, морьтой, явган зарлага зэрэг 39 орон тоотой байгуулагдаж байв.
       Улаанбаатар хотын шүүх байгуулагдсан цагаасаа эхлэн шүүгч, ардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэрэг, маргааныг нарийн бичгийн дарга, маргалдагч талууд болон бусад оролцогчдыг байлцуулан хэлэлцэж, улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, зэрэг шүүн таслах ажиллагааны үндсэн тогтолцоог манай улсад нэвтрүүлэх, шүүхийн чиг үүргийг бусад байгууллагаас зааглахад чухал үүрэгтэй байсан. Энэхүү нөхцөл байдалд төрийн төв байгууллагын зүгээс ч тодорхой анхаарал хандуулж байсны нэг жишээ бол Засгийн газрын гишүүдийн 1929 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 25 дугаар хурал ба Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 66 дугаар хурлаас "Улаанбаатар хотын ардын шүүх таслах газрын тушаал бичгийн дүрэм" (10 зүйл)-ийг баталсан байна.  Улаанбаатар хотын шүүхийн таслан шийтгэх хэрэг ачаалал их байгааг харгалзан, шүүхийн шуурхай ажиллагааг хангахад энэ шийдвэр чиглэгдсэн байв.
       Хүн амын төвлөрөл, суурьшилтыг дагасан нийгмийн болон орон нутгийн байгууллагын эрх хэмжээний өөрчлөлтийн хүрээнд шүүхүүдийн орон тоог хүн амын тоонд нийцүүлэх зохицуулах бодлогыг баримталж байсан учир дунджаар нэг шүүхэд 20000 хүн ам, эргэн тойрноороо 110 км нутаг дэвсгэр хамаарч байв. Хөдөө орон нутагт сумдын захиргааны эрхийг нэмэгдүүлсэн явдалтай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1934 онд Улаанбаатар хот дахь хороо, захиргааны эрхийг өргөтгөж, хэсгийн шүүхүүдийг татан буулгажээ. Шүүн таслах ажиллагааны цар хүрээ нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах зорилгоор БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1933 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор хороодын дарга нарт шүүхийн даргын үүргийг хавсаргаж, жижиг хэрэг маргааныг захиргааны журмаар шийдвэрлэх эрх олгосон түүхэн баримт байдаг. Шүүх явдлын яамны сайдын 1934 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тушаалаар Улаанбаатар хотын 1-р ангийн шүүхийг "Улаанбаатар хотын шүүх" болгон Улсын Дээд шүүхэд харъяалуулснаар тус шүүх нь хуулиар тусгайлан харъяалуулсан хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх, харин хороодын шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэх эрхтэй болгон өөрчилжээ.
       Дээрхээс дүгнэхэд энэхүү түүхэн цаг хугацааны туршид шүүхийн байгууллага, түүний дотор Нийслэлийн шүүхийн хувьд бие даасан шүүх байх шаардлагатай болох нь амьдралд нотлогдох үйл явц өрнөж, үүнтэй холбоотойгоор тус шүүх зохион байгуулалт, бүтэцийн хувьд олон удаа өөрчлөгдөж иржээ. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр, хүн ардын төвлөрсөн төв болсон Улаанбаатар хотод бие даасан шүүх байх шаардлагатай эсэх талаар тухайн үеийн төр засгийн шийдвэр нэг мөр байгаагүй боловч удаан боловч эцсийн дүндээ хүлээн зөвшөөрөгдөж, бат бэх суурь тавигдсан байна.
       1940 оны Үндсэн хуульд шүүхийн тогтолцоо, шүүн таслах ажиллагааны суурь зарчмуудыг хуульчлан баталгаажуулсны үр дүнд засаг захиргааны байгууллагаас тусдаа, мэргэшсэн шүүн таслах газрууд байгуулагдах нөхцөл бүрдэж, 1943 оноос орон нутагт хороодын дарга нар шүүн таслах зарим чиг үүргийг хэрэгжүүлж болохыг бүр мөсөн зогсоожээ.
       Тодруулбал, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сум, хороодын захиргаадыг шүүн таслах үүрэг бүрээс тусгаарласантай холбоотойгоор Улаанбаатар хотын хороодын шүүн тасалж байсан хэргийг хотын шүүхэд харьяалан шийдвэрлэх болсон байна. Хэдийгээр энэ цаг үед гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох эрх мэдлийн хатуу зааг ялгаа тогтоосон эрх зүйн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөггүй байсан боловч захиргааны байгууллагаас шүүхийн чиг үүргийг салгаснаар, шүүн таслах ажлыг шүүх байгууллага хэрэгжүүлэх чиглэлд тодорхой алхам хийгдсэн гэж үзэхээр байна.
       1945 оны эхээр хуралдсан БНМАУ-ын XVIII бага хурлын заалтыг биелүүлэх хүрээнд Улаанбаатар хотод хэсгийн шүүхүүдийг байгуулж эхэлсэн байна. Ардын хэсгийн шүүх тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас бусад бүх эрүүгийн хэргүүд болон иргэний хэргийн талаар улсын арбитраас шийдвэрлэвэл зохих хэргүүдээс бусад 50 мянган төгрөгөөс үл хэтрэх эд хөрөнгийн нэхэмжлэлтэй хэргүүд, хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөнтэй холбогдсон нэхэмжлэлүүд, түүнчлэн зохиогчийн эрхээс үүдэлтэй нэхэмжлэл, хүүхдийн тэтгэврийг төлөх ба өв хөрөнгийг залгамжлан эзэмших нэхэмжлэлтэй хэргүүдийг таслан шийдвэрлэж байсан юм.
       1949 онд батлагдсан Шүүх байгууламжийн тухай хуулийн хүрээнд хотын шүүх нь ардын хэсгийн шүүхийн нэгэн адил анхан шатны шүүхийн эрхтэй байсан бол, 1958 онд батлагдсан шинэ хуулиар хоёрдугаар шатны эрх буюу шүүхийн тогтоол, шийдвэрийг давж заалдах гомдол, эсэргүүцлээр хянан үзэж хуулийн хүчин төгөлдөр магадлал гаргах эрхтэй болсон байна. Ийнхүү хотын шүүх хоёрдугаар шатаар хэргийг дахин хянуулах байнгын гурван шүүгч, эсхүл байнгын хоёр, байнгын бус нэг гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хэлэлцэх болсон байна.
       1952 оноос эхлэн хотын шүүхийг сонгуулийн шинэ систем, түүнийг бэхжүүлсэн хууль тогтоомжийн дагуу хотын АДХ-аас сонгох замаар байгуулж байв. Хотын шүүхийн дарга нь хотын нутаг дэвсгэрийн хүрээнд ямар ч хэргийг хэсгийн шүүхээс өөрөө татан авч даргалан таслах эрхтэй, мөн хэсгийн шүүхийн ажлыг шалган үзэж, туслах, энэ талаараа Шүүх яаманд хариуцан тайлагнах үүрэгтэй байжээ. Ийнхүү 1941-1949 онд захиргааны байгууллагаас шүүн таслах үүргийг чөлөөлж, оронд нь аймаг, хотын шүүхийг түр өргөтгөн орон тоог нэмж, шүүн таслах чиг үүргийг тусгаарласнаар нийт аймаг, хотод ардын шүүх байгуулах ажил үндсэндээ 1956 он хүртэл үргэлжилж, үүний үр дүнд 1956 он гэхэд Улаанбаатар хотод 4 хэсгийн шүүх байгуулагджээ.
       1960 оны Үндсэн хуулийн хүрээнд шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны социалист-ардчилсан зарчмуудыг тодорхойлсноос гадна шүүхийн захиргааны чиг үүргийн талаар анх удаа хуульчлан заасан. 1961онд шүүхийн байгууллагын зохион байгуулалтад өөрчлөлт ороход, Улаанбаатар хотоос бусад газар (аймгууд)-ын ардын хэсгийн шүүхийг татан буулгаж оронд нь нүүдлийн шүүхүүдийг байгуулж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэсгийн шүүхийн шүүгчдийг зохих хороодын Ардын депутатуудын хурлын сонгуулийн анхдугаар чуулганаас тус тус 2 жилийн хугацаагаар сонгох болсон. Энэ үеэс шүүгчээр сонгогдох хүнд БНМАУ-ын харьяат, сонгуулийн эрхтэй, 23 насанд хүрсэн, шүүхээр ял шийтгэгдээгүй байх гэсэн шалгуур тогтоосон байв.
       Ийнхүү шүүхийг сонгуулийн хурлаар бүрдүүлэх тогтолцоог нэвтрүүлж байсан нь манай улс социалист чиг баримжаатай улс төр, нийгмийн тогтолцоонд нийцэж байсан юм.
       Шүүхийн зохион байгуулалттай холбоотой хууль тогтоомжийн актууд өмнөхийн нэгэн адил тогтвортой бус, шүүхийн чиг үүргийг хүний эрх, эрх чөлөөний үндэс гэсэн утгаар нь авч үздэггүй байсан боловч шүүхийн бүтэц, үйл ажиллагаа аажмаар тогтвортой болж, төлөвших үндэс энэ үед бүрдэж байв. Түүнчлэн Улаанбаатар хотод байрлах хэсгийн шүүхүүд зохион байгуулалтын талаар харьцангуй олон удаа өөрчлөгдөж байсан боловч тухайн үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тохирон хөгжиж байсан гэж дүгнэхээр байна. Шийдвэрлэгдэж буй хэрэг, маргаан төрлийн хувьд одоогийнх шиг анхан, давах, хяналтын  гэсэн нарийн зааг бүдэг байгаа хэдий ч эрх, хэмжээ бүтцийн хувьд ялгаатай 3 шатлал бүхий шүүхийн тогтолцоо бий болж, шүүхийн захиргааны чиг үүргийг засаг захиргааны үйл ажиллагаанаас ялгах эхний ажлууд хийгдсэн нь Нийслэлийн шүүхийн цаашдын хөгжил дэвшилд нөлөөтэй байлаа.
Ардын хувьсгал ялснаас хойш 40 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хот газар нутгийн хувьд өргөжин тэлээд зогсохгүй, хүн амын хөгжил төвлөрөл бүхий үйлдвэрлэл, барилгажилт, соёл, урлагийн хөгжлийн төв болон хөгжсөн. Ийнхүү 1965 онд Улаанбаатар хотын аж ахуй, нийгэм соёлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын дагуу засаг захиргааны нэгж бүхий 4 район байгуулж, хуучин байсан 10 хороог татан буулгасан байна. 1961-1965 онд ардын хэсгийн шүүхүүдийг орон нутгийн сум хороо, хот, районы онцлогт зохицуулж өөрчлөн байгуулж, хотын шүүхийн шүүгч ардын төлөөлөгчид нь хагас жил тутам тайлангаа хөдөлмөрчдөд тавьж хэлэлцүүлэхээр заасан. Хотын шүүхээс төрийн эсрэг зарим хэрэг, хүндрүүлэх шалтгаантайгаар социалист өмч ашиглан шамшигдуулсан, устгасан, иргэдийн өмч хулгайлсан, дээрэмдсэн осол гаргасан хэрэг, түүнчлэн социалист аж ахуйн болон шүүн таслах ажиллагааны эсрэг хэрэг, албан тушаалын гэмт хэрэг зэрэг байцаан шийтгэх хуулиар тусгайлан харьяалуулсан нилээд ноцтой, цөөн төрлийн (30 гаруй зүйлийн) хэргийг 30000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлтэй болон зохиогчийн эрх, нээлт, шинэ бүтээл оновчтой саналын эрхийн харилцаанаас үүссэн, ардын шүүх зохигчоор оролцож байгаа хэргийг тус тус анхан шатны журмаар шийдвэрлэхээс гадна өөрийн харьяа ардын шүүхэд байгаа ямар ч иргэний хэргийг шаардлагатай гэж үзвэл магадлал гарган татан авч анхан шатны журмаар шийдвэрлэх эрхтэй байжээ. Түүнчлэн, хотын шүүх нь шүүхийн статистик судлан нэгтгэх ажлыг хариуцан хэрэгжүүлж байсан юм.
       Дээрх байдлаас авч үзвэл хотын шүүх нь бүрэлдэхүүн, зохион байгуулалтын хувьд ардын шүүхээс илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, шүүх бүрэлдэхүүнд шүүхийн дарга, орлогч дарга, гишүүд, ардын төлөөлөгчид ордог байснаас гадна хяналтын коллеги байгуулагдан ажиллаж байв. Тухайлбал, шүүгчдээс гаргасан сахилгын зөрчлийг хянаж, хариуцлага хүлээлгэх эрх бүхий Шүүгчдийн сахилга батын хэрэг эрхлэх коллеги хотын шүүхэд ажиллаж байжээ. Хэдийгээр хотын шүүх тухайн цаг үед Улсын Дээд шүүхийн хяналт дор ажиллаж байсан боловч районы ардын шүүхүүдийн ажилд хяналт тавьж зохион байгуулалтын нэгдмэл байдлыг хангахын зэрэгцээ шүүн таслах чиг үүргийн хувьд харьцангуй бие даан ажиллах боломжтой байсан. Тус шүүхийн дарга өөрийн шүүхийн ажлын аппаратыг удирдахын зэрэгцээ хотын хэмжээний анхан шатны шүүхүүдийг зохион байгуулалтын талаар удирдаж чиглүүлэх үүргийг давхар биелүүлж байсан тул аж ахуй, санхүү, удирдлагын олон үүргийг гүйцэтгэж байв.
       Шүүх байгууламжийн тухай хуулийг баталж уг хуулиар шүүхийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, зорилго чиглэлийг нарийвчлан тодорхойлж, бүх шатны шүүхүүдийг сонгуулиар байгуулах болсны дагуу Улаанбаатар хотын шүүхийн шүүгчийг Хотын Ардын Депутатуудын хурлаас 3 жилийн хугацаагаар сонгох журам хэвээр хадгалагдсаар байлаа.
       Улаанбаатар хотын шүүх нь 1979-1985 онд жилдээ 15000-20000 иргэний хэрэг, 700-800 эрүүгийн хэрэг, 15000 хүнд захиргааны арга хэмжээ авч, тэр үеийн ханшаар 100 гаруй сая төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байв. Улсын хэмжээнд шүүн таслах, шийдвэр гүйцэтгэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нийт ажлын 35-40 хувийг Улаанбаатар хотын шүүх, районы ардын шүүхүүд гүйцэтгэж ирсэн мэдээ байдаг. Энэ цаг үед шүүн таслах ажлын чанарыг дээшлүүлэхэд анхаарах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг зохих ёсоор явуулах зэрэг үндсэн ажил үүргээс гадна хотын түвшний засаг захиргааны байгууллага, хууль хяналтын бусад байгууллагуудтай хамтран ажиллах замаар районын шүүхүүдийн байр, ажиллах нөхцөл, шүүгч, ажилтнуудын орон байр, нийгмийн асуудлыг дээшлүүлэх, үүнтэй уялдан нийт ажилтнуудын сахилга бат, соёл, мэдлэг, мэргэшлийг ахиулахад голлох үүрэгтэй байгууллага болон хөгжиж иржээ.
       Дээрх жилүүдэд хотын хэсгийн шүүхийг татан буулгасантай холбоотойгоор районы ардын шүүх байгуулагдаж Улаанбаатар хотын шүүхийн харьяанд Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчны районы шүүхүүд харьяалагдах болсноор шүүхийн бүтэц өргөжин тэлэхийн зэрэгцээ шийдвэрлэх хэрэг, маргааны цар хүрээ нэмэгдсэн байна.
       Энэхүү коммунизмыг байгуулах зорилтод чиглэсэн социалист улс төр, эрх зүйн тогтолцоотой холбоотой шүүхийн чиг үүрэг, тайлагнах журам, харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан, бусад шүүх, байгууллагатай харилцах хүрээ тодорхойлогдож байсан байна.
       1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, шүүхийг төрийн эрх мэдлийн бие даасан салаа мөчир болохыг хүлээн зөвшөөрч шүүхийн бүтэц, зохион байгуулалтын суурь, үндсэн зарчмыг хүний эрх, эрх чөлөөнд суурилсан ардчилсан үзэл баримтлалын хүрээнд тодорхойлсон. Үүнтэй холбоотойгоор шүүхийн  бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах эрх зүй, эдийн засаг, нийгмийн үндсийг бүрдүүлэх томоохон зорилт улс орны хэмжээнд тавигдаж, эрх зүйн шинэтгэлийн томоохон хөтөлбөр, шинэтгэлийн багц хууль тогтоомжууд батлагдаж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар хийгдэх болсонд нийслэлийн шүүхийн оролцоо, манлайлал багагүй юм.
       Шинэ Үндсэн хуулиар шүүхийн үндсэн тогтолцоог Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум, сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэхээр тодорхойлсноос гадна эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгуулах үндсийг тавьсан билээ. Энэ цаг үеэс шүүх байгууллага нь  хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хамааралгүй бие даасан институц болон бэхжихэд дорвитой алхмууд хийгдэж, шүүхийг намын бодлого шийдвэрийн дагуу бус, харин хууль батлах замаар байгуулах, шүүгчдийг олон нийтийн сонгуулиар бус, хуульчдын дотроос шалгаруулан насаар нь томилох зэрэг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, баталгаажуулсан, хөгжингүй улс орнуудад олон зууны шалгуураар тогтсон зарчмуудыг нэвтрүүлэх боломж бүрдсэн билээ.
       Улсын Их хурлаас 1993 онд Шүүхийн тухай хуулийг баталснаар шүүхийн бүтэц, тогтолцоо, зохион байгуулалт, шүүгчийг сонгон шалгаруулж, томилох асуудлыг шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн өөрчилж, Шүүх байгуулах тухай хуулийн хүрээнд шүүхүүдийг байгуулсан. Энэ хуулийн  дагуу Улаанбаатар хотын шүүхийг Нийслэлийн шүүх гэж нэрлэсэн боловч дүүргийн шүүхүүдийн нэр, зохион байгуулалтын хувьд 1995 оныг хүртэл хэд хэдэн удаад өөрчлөгдсөн байв.
       Шүүхийн шатлал, харьяалалтай холбоотой Үндсэн хуулийн заалтуудыг Үндсэн хуулийн цэцээс хэрхэн тайлбарласантай холбоотойгоор мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн шүүхүүдэд олон удаа өөрчлөлт орж байсан хэдий ч шүүн таслах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой шүүх нь захиргаа, аж ахуйн ажлаа давхар хариуцаж байсан хуучин тогтолцоог өөрчлөн Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхүүдийн дэргэд тамгын хэлтэстэй байхаар хуульчилсан ахиц дэвшил гарсан. Энэ хүрээнд нийслэлийн шүүхийн дэргэд нийслэл, дүүргийн шүүхүүдийн захиргаа, аж ахуй, санхүү, хүний нөөцийн зэрэг шүүн таслахаас бусад чиг үүргийг голлон хариуцах тамгын хэлтэс шинээр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, шүүгч нарын хувьд шүүн таслах ажиллагааг дагнан гүйцэтгэх, улмаар  захиргаа, аж ахуй, эдийн засгийн хараат бус байдлыг дэмжсэн чухал алхам болжээ.
       Нийслэлийн 8 дүүргийн шүүхүүд нь улсын хэмжээний нийт шүүн таслах ажлын дөч гаруй хувийг хэрэгжүүлдэг байв. Тухайлбал жилд дунджаар 1993-1997 оны хооронд иргэний 6588 хэрэг, эрүүгийн 3250 хэрэг, 1998-2002 оны хооронд иргэний 8700 хэрэг, эрүүгийн 3877 хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг байв. Үүнээс Нийслэлийн шүүх давж заалдах шатны журмаар жилд дунджаар 1993-1997 оны хооронд иргэний 500 гаруй, эрүүгийн 300 гаруй, 1998-2002 оны хооронд иргэний 1000 гаруй, эрүүгийн 700 гаруй хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байжээ.
       Ажлын цар хүрээ нэмэгдэхийн хэрээр шүүгч, ажилтнуудын тоог нэмэгдүүлэх шаардлага үүсч, түүнийг дагасан ажлын байр, тоног төхөөрөмжийг бэхжүүлэх хэрэгцээ өссөөр байв. 2000 оны байдлаар Нийслэл, дүүргийн шүүхийн хэмжээнд нийт 16 шүүгч, шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 50 гаруй ажиллаж байсан бол 2013 онд 120 гаруй шүүгч, төрийн захиргааны 183, төрийн үйлчилгэний 126 албан хаагчийн орон тоотой болтлоо өргөжсөн байна.
       Шүүн таслах ажиллагаанд дээд шатны шүүхийн шүүгч, прокурор санаачилгаараа эсэргүүцэл бичих зэрэг шатлан захирах, дээд шатнаас хянах агуулга бүхий хуучны зохицуулалт байхгүй болсноор хариуцах асуудлын хүрээ харьцангуй багассан боловч Нийслэлийн шүүх нь улсын хэмжээний давж заалдах шатны шүүн таслах ажлын 50 гаруй хувийг гүйцэтгэдэг, шүүн таслах болон шүүхийн захиргааны чиг үүргийг хувьд манлайлсан хэвээр байлаа.
       1998 оны Эрх зүйн шинэтгэл хөтөлбөр хэмээх хууль тогтоомжийн актын хүрээнд шүүхийн үйл ажиллагаатай холбоотой олон хуулийг 2002 онд шинэчлэн батлахад шүүхийн тухай болон процессын хууль тогтоомжид зарчмын өөрчлөлт орж, Нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхтэй байх эрх зүйн үндэс суурь тавигджээ. Өөрөөр хэлбэл, хяналтын болон анхан шатны шүүхийн чиг үүргийг давхар хэрэгжүүлэхээ больж, дүүргийн шүүхийн шийдвэртэй хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх болсон.
       Ийнхүү анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд нь шүүх эрх мэдлийг шат шатандаа бие даан хэрэгжүүлэхээр хуульчилсан нь шүүх тус бүрийн бие даасан байдлыг баталгаажуулсан шүүхийн тогтвортой байдалд том дэвшил байлаа.
2002 оны Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт Нийслэлийн шүүх шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, дүүргийн шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий танхимтай байж болохоор заасны дагуу Улсын Дээд шүүхийн 2002 оны 277 дугаар тогтоолоор тус шүүхэд Иргэний болон Эрүүгийн хэргийн танхимыг байгуулжээ. Энэ үйл явц нь шүүн таслах ажиллагааны төрлөөр хэрэг, маргааныг дагнан шийдвэрлэх, шүүгчийг мэргэшүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээний нэг болсон.
       Нийслэлийн шүүхийн хэмжээний практикийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор дүүргийн шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажил гүйцэтгэж байжээ. 2000-2012 онд дүүргийн шүүхүүдийн практикийг нэгтгэх, хууль хэрэглээний асуудлыг жигдрүүлэх үүднээс шүүхийн шийдвэрийг судлан түгээмэл гарч буй хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа дутагдлын талаар тойм, мэдээлэл, зөвлөмж гарган “Нийслэлийн шүүхийн мэдээлэл” тойм, зөвлөмж  нь шүүн таслах ажиллагаа өдөр тутам хэрэгжүүлж буй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танин мэдэхүйн төдийгүй мэргэжлийн чухал лавлах болж байсныг шүүгч, ажилтнууд дурсан санасаар байдаг.
       Эрх зүйн тогтолцооны шилжилтийн үед гардаг гол хүндрэлүүдийн нэг болох шинэ хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой ном, сурах бичиг онолын тайлбар, судалгааны материал дутагдалтай байсан цаг үеийн хүндрэлийг давахад эдгээр ажил чухал ач холбогдолтой байсныг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, 2001-2013 оны хооронд иргэний хэргийн танхимаас 46 зөвлөмж, 65 тойм, эрүүгийн хэргийн танхимаас 34 зөвлөмж, 49 тойм, 42 мэдээллийг тус тус гаргажээ.
       Мөн иргэний болон эрүүгийн хэргийн танхимаас нийслэл, дүүргийн шүүгч, ажилтнуудын мэдлэг боловсрол, ур чадвараа байнга дээшлүүлэх ажлыг дэмжих зорилгоор тухайн оны шилдэг шийдвэр, реферат шалгаруулах номинаци, үзүүлэх шүүх хуралдаан, шүүгч нарын дунд эрх зүйн мэдлэг сорих уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг байсан юм. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийг “Мэргэжлийн удирдлагаар хангах” буюу шалган туслах чиг үүргийг давхар хэрэгжүүлдэг байсан. Хожим энэхүү ажлыг шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэнэ хэмээн хуульч, судлаачид шүүмжлэх болсноос гадна хуулиар ийм чиг үүргийг байхгүй болгосон юм. Гэхдээ уг ажлын хүрээнд санаачилж хэрэгжүүлж байсан ажлууд тухайн цаг үеийн төрийн бодлого, эрх зүйн орчинтой уялдан, шүүхийн шинэчлэлийн хэрэгцээ шаардлагад суурилж байв. Нийслэлийн шүүхийн шүүгчид тодорхой сэдвээр дүүргийн шүүгч нарт сургалт зохион байгуулахаас гадна давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдэд гарсан алдаа зөрчил, хууль хэрэглээний зөв практик, цаашид анхаарах зүйлийн талаар мэдээлэл хийх, шүүгч нар харилцан санал солилцох ажлыг Нийслэлийн шүүхээс зохион явуулдаг байсан бөгөөд уг арга хэмжээнд шүүгчид идэвхтэй оролцдог байлаа.
       Шүүгчийг мэргэжлийн удирдлагаар хангах, шалган туслах зэрэг ажлыг явуулах эрхийг хуулиар олгоогүйгээс гадна шүүхийн тогтолцооны үндсэн, үзэл баримтлалтай нийцэхгүй боловч тухайн цаг үеийн хууль тогтоомжийн шинэтгэл, эрх зүйн сурах бичиг, ном товхимол бага, тодорхой салбараар мэргэшсэн боловсон хүчин ховор байсан зэрэг нөхцөлд энэ ажил нь зохих хэмжээнд ач холбогдолтой, хэрэгтэй байсныг үгүйсгэх учиргүй. Хууль зүйн ухааны судалгаа, сургалт тогтсон стандартад бүрэн шилжээгүй, эрүү, иргэний эрх зүйн онол, номлол, үзэл баримтлалыг ул суурьтай, үндэслэлтэй тайлбарлах үндэсний эрдэмтэн судлаачид тийм ч олон биш байгаа тохиолдолд хууль хэрэглээний асуудлаар шүүхийн практик судлах, үр дүнгийн талаар хамтран ярилцах, хэлэлцэх хэрэгцээ шаардлага шүүгчдийн дунд байсаар байгаа юм.
       Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан эхлүүлсэн 2009 оны шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг шүүхийн багц хууль 2012 онд батлагдсан. Энэхүү хуулиуд нь шүүх эрх мэдлийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд хамааралтай бүх харилцааг цогцоор нь зохицуулснаараа ач холбогдолтой болсон бөгөөд шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, иргэд хэрэг маргаанаа дагнасан, мэргэшсэн шүүх, шүүгчээр болон эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэх, шүүн таслах болон шүүхийн захиргааны үйл ажиллагаа бүрэн тусгаарлагдаж, шүүхийн эдийн засгийн бие даасан байдлыг бүрдүүлэх, шүүгч хараат бус бие даан ажиллах нөхцлийг хангах эрх зүйн чухал эх сурвалж болсон юм.
       2012 онд батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг харгалзсан шинжтэй. Өөрөөр хэлбэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхны нэгж болох сум, дүүрэгт сум эсхүл сум дундын, дүүргийн шүүх харин аймаг, нийслэлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүх байхаар хуульчилсан. Энэ хүрээнд 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний болон эрүүгийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харъяаллыг тогтоосны дагуу Нийслэлийн шүүх нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэсэн хоёр тусдаа шүүхийн бүтэц, зохион байгуулалттай болж өөрчлөгдөж, нийслэлийн бүх дүүргийн нутаг дэвсгэр болон Төв аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрийн хүрээнд анхан шатны журмар шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр болсон.
       Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг Үндсэн хуулийн Цэцээс зөрчилтэй хэмээн дүгнэлт хийсэнтэй холбоотойгоор шүүх эрх мэдлийн талаар бие даасан бүлэг бүхий Үндсэн хуульд суурилсан олон шинэтгэлийн үр дүнд шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа улам боловсронгуй болж хөгжиж байгаа боловч Үндсэн хуулийн заалтын агуулга, мөн чанарын талаас нь бус үг үсгээр хөөцөлдөх явцуу хүрээнд гуйвуулан тайлбарласантай холбоотой эргэж буцсан, ухралт хийсэн зүйлүүд байгаа болоьч цаг хугацааны шалгуурыг дамнан Монголын шүүхийн тогтолцоо, түүнийг дагаад Нийслэлийн шүүх улам бүр хөгжин цэцэглэж, үйл ажиллагаа нь боловсронгуй болсоор байгаа нь энэхүү түүхэн замналаас харагдана.
       Нийслэлийн шүүхэд одоо ажиллаж байгаа болон өмнө ажиллаж байсан олон шүүгч нар шүүгчдийн болон хуульчдын үргэлжилсэн сургалтад хичээл заах, хууль зүйн их, дээд сургуулиудад эрх зүйн боловсон хүчнийг бэлтгэх ажилд давхар мэдлэг боловсрол, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Нийслэлийн шүүхэд мэргэжлийн удирдлагаар хангах, шалган туслах чиг үүрэг байхгүй боловч хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой тулгамдсан асуудлаар шүүхийн практикийг судлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг багасгах, онолын үндэслэгээтэй хууль хэрэглээг дэмжих ажилд манлайлан оролцсоор байна.
       Жил жилээр өргөжин тэлж, хүн амын төвлөрөл нэмэгдэж буй Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагад тавигддаг өргөн цар хүрээтэй, алсын хараатай атлаа шуурхай, нийгэм, цаг үеийн хэрэгцээ, өөрчлөлтийн салхийг мэдэрч үйл ажиллагаа явуулах шаардлага  Нийслэлийн шүүхэд ч тавигдаж байна. Үүний зэрэгцээ эрх зүйн болон шүүх эрх мэдлийн шинэтгэлийн олон үе шат, давалгаа, шинэ шалгуур, шаардлагад нийцэн өөрчлөгдөхийн зэрэгцээ, уламжлал, шинэчлэлийг хослуулах  амаргүй давааг туулсаар нийслэлийн шүүх маань өнөөдөр эрүү, иргэний хэргээр мэргэшиж, дагнасан хоёр давж даалах шатны шүүх болон, улсын хэмжээний шүүн таслах ажлын гол хэсгийг нугалан ажиллаж байна.
       Энэ түүхэн цаг үед тус шүүхэд ажиллаж байсан  шүүгч, шүүхийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, нэгдмэл зорилго, сайн сайханд тэмүүлэх хичээл зүтгэлийн дүнд 90 жилийн ойгоо хийсэн ажилтай, бахархах хамт олонтой  угтаж байна.  Тус шүүх нь шүүн таслах ажлын төдийгүй, шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, боловсруулахад багагүй үүрэгтэй байсан нь тус шүүхийн ажилтнуудын дундаас олон шүүгч нар, шүүгчдийн дундаас Улсын Дээд шүүхийн шүүгч нар, гавьяат хуульчид, хуулийн салбарын эрдэмтэд  төрж гарсанаас харагдана.

                             Эрхэм шүүгч, ажилтнууд, хүндэт зочидоо! Хадагтай ноёдоо!
       Шүүхийн шинэтгэлийн их үйлсэд оюун ухаан, бие сэтгэл хүч чадлаа зориулан ажилласан ахмад үеийнхэн болон одоо ажиллаж буй нийт шүүгч ажилтнууд, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө хамтран зүтгэгчид Та бүхэндээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Шүүх шүүхийн ажил үйлс өөдрөг байх болтугай.
 
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
хууль зүйн доктор (LL.D.) Ж.Оюунтунгалаг