x

Нийслэлийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ

Нийслэлийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ

       Нийслэлийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хурал, хүндэтгэлийн концертыг Соёлын төв өргөөнд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн нээж үг хэлэв.


     
       Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх үйлсдээ бие сэтгэл, оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулсан үе үеийн ахмадууд, тус шүүхийн шүүгч, ажилтнууд та бүхэнд Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       1927 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод анх Улаанбаатар хотын шүүх нэртэйгээр Нийслэлийн шүүх нь тулгын чулуугаа тавьсан цагаас хойш хөгжил дэвшил, цаг, цагийн хүнд хатуу шалгуурыг даван туулж бүтэц, зохион байгуулалт,  хүний нөөц, санхүү, аж ахуйн хувьд бэхжсэн, орчин үеийн мэдээллийн техник, технологи, программ хангамж нэвтрэн, тоног төхөөрөмжөөр хангагдсан олон улсын жишигт нийцэхүйц шүүх болон өргөжин хөгжиж ирлээ.

       Шүүхийн эрхэм шүүгч, ажилтнууд та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгууллага, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлсдээ хуулийн хүрээнд тууштай ажиллан, өргөсөн тангарагтаа үнэнч байж шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх үйлсээ нэр төртэй биелүүлж байгааг төр, ард түмэн өндрөөр үнэлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эрхэм та бүхний өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай.



    
       Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордууллаа.



       Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын гавъяат хуульч Ц.Зориг


       
       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н. Лүндэндорж



       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сү. Батболдын мэндчилгээ

 
 
       Баярын хуралд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор Ж.Оюунтунгалаг Нийслэлийн шүүхийн түүхэн замналын талаар илтгэл тавьсан юм.
       Тэртээ 1927 онд Улаанбаатар хотын шүүн таслах газрыг хотын захиргааны орон тоонд багтаан үүсгэн байгуулахаар шийдвэрлэснээр Улаанбаатар хотын буюу Нийслэлийн шүүхийн түүхэн замнал тоологдож эхэлсэн юм. Анх дарга, байцаагч түшмэл, нарийн бичгийн дарга, хэлмэрч, бичээч, их гяндан салааны харуулууд, хуяг, морьтой явган зарлага зэрэг 39 орон тоотой байгуулагдсан Нийслэлийн шүүх эдүгээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 15 шүүгчтэйгээр улсын хэмжээний давж заалдах журмаар хянагдсан нийт эрүүгийн хэрэг болон захиргааны зөрчлийн хэргийн 50 гаруй хувийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 16 шүүгчтэйгээр улсын хэмжээний давж заалдах журмаар хянагдаж буй иргэний хэргийн 70 хүртэл хувийг болон хуулиар харьяалуулсан бусад гомдол бүхий маргааныг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж байна. Мөн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй шүүхийн тамгын газар нь нийт 60 гаруй орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.


  
       Баярын хурлын дараа Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн концертоо өргөн барьлаа.

                                                  Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар